Хүнийг цогцлоон бүтээхүй

Бид гайхалтай аялалд гарах гэж байна. Дотоод ертөнц рүүгээ хийх аялал. Өөрсдийн биеийн дотоод руу. Учир нь эндээс буюу хүн бүрийн  дотор бидний ирээдүй бий. Өдийг хүртэл бид энэхүү бичил ертөнцөөр аялж, бүгдийг ийм тод харж байсан удаагүй. Эсийн зүрх бол ДНХ юм – энэ молекул дэлхий дээрх бүх амьд биетийг бүтээн босгодог. Харин одоо, Түүхэндээ анх удаа, бид ДНХ-г уншаад зогсохгүй, өөрчилж чадах болжээ. Энд л ирээдүй бий. Одоо. Найдлагагүй амьдралыг сэргээхэд ДНХ л тусалж мэднэ. Эсийг өсгөвөрлөн шинэ эрхтэн ургуулах болно. Цоо шинэ ертөнц бидний өмнө нээгдэх мөч. Гайхалтай чадвартай супер-хүмүүс.. мөнх наслах найдлага. Энэ бүхэн бүгд боломжтой.

Энэ бол бүтээгчийн найм дахь өдөр. Олон сая жилийн өмнө эр, эм хүйс олон эстнүүдийн дунд бий болжээ. Сперм өндгөн эстэй нийлж, ген холилдох нь амьдралын тэсрэлтийг өдөөсөн байна. Сая сая шинэ зүйл үүсэв. Хүйс болоод тохиолдол, хувьсал эдгээр хүчин зүйл л эцэст нь биднийг үүсэхэд хүргэжээ. Балар эртний сармагчинаас орчин үеийн хүнийг үүсгэхэд сая сая жилийг давсан байна. Харин одоо бид удирдлагыг гартаа авах нь.

Биологичид эс хэрхэн олшруулахыг мэднэ. Тэд мөн генүүдийг хооронд хольж шинэ зүйл үүсгэх чадалтай. Бидний эрин үе бол түүхэн дэх эргэлтийн цэг.

Бид одоо 21-р зуунд хөл тавьж байна. Бид ямар ч хүний эсийг олшруулж чадна. Тэрүүгээр зогсохгүй хамгийн гол нь бид улам л урагшлах болно. Бид яаж хүнийг өөрчилж болохыг бүрэн ойлгоно. Бид өөрсдийн генээ, өөрсдийн эсээ өөрчилж чадах мэдлэгийг хуримтлуулсан. Хүнийг төсөөлж болох бүхий л байдлаар өөрчилж болно.

Эсийн хуваагдлын тухай ажлаараа Нобелийн шагнал хүртсэн Пол Нёрс ДНХ-г өөрчилөх боломж өсөж байгаа нь бусад хүмүүсийн санааг зовоож байгаа тухай дурджээ. Тэрээр:

“Бид өмнө нь төсөөлөх ч боломжгүй байсан зүйлсийг хийх боломж бүрдсэн. Энэ нь хүн гэж юу вэ гэсэн асуултын гүнд биднийг хөтөлнө. Би хувьдаа маш олон хүмүүс биологичид болон эмч нарын хийж чадах зүйлд санаа нь зовж, үл ойлгох хандлагатай байгаа гэж гадарласан.”

Харин бас нэгэн амжилттай яваа эрдэмтэн Доктор Хосе Сибеллийн эцсийн зорилго бол өвчтэй хүмүүст туслах шинэ арга олж авах юм. Тэрээр клонингийн аргад бүрэн найджээ.

Хосе клонингоор хүмүүсийг эдгэрүүлэхийг хүсдэг. Түүнээс биш шинэ хүн бүтээх гээгүй аж. Хэдий анагаах ухааны зорилготой ч энэ судалгаа хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.

Өмнө нь Хосе хамтрагч нартайгаа клонингийн аргаар амьтад бүтээж байжээ. 1998 онд тэд анх үхрийн үр хөврөлийг олшруулсан. Тэд бас Гавер хэмээх ховор үхрийн зүйлийг олшруулсан аж. Одоо Хосе ур чадвараа өөр зүйл дээр ашиглахаар шийджээ. Тэр хүний үр хөврөл гаргаж авахыг зорино. Хэрвээ амжилтад хүрвэл түүний нэр түүхнээ мөнхөрнө.

Өнөөг хүртэл хүний үр хөврөл ганц л аргаар бий болсоор ирсэн – Байгалийн жамаараа. Сара Ваддингтон хэмээх эмэгтэй байгалийн жамаар жирэмсэлжээ. Гэсэн ч байгаль түүнд сюрприз бэлдсэн байна. Сара 3 ихэр ураг тээж байгаа юм. Өөрөөр хэлбэл байгалийн клонууд.

Сара бараг эхний оролдлогоор л жирэмсэлжээ. Түүний нөхөр Карлын сая сая сперм Сарагийн өндгөн эс дээр ирж тогтоно. Гэвч зөвхөн нэг нь л дотогш нэвтэрч дөнгөнө. Ингэснээр үр тогтсон өндгөн эс үүснэ. Гэвч энэ тохиолдолд их ховор зүйл тохиожээ. Хэний ч ойлгоогүй шалтгаанаар Сарагийн үр тогтсон эс өөрөө олширчээ. Эс хоёр болж хуваагдан, дараа нь гурав болсон байна.

Байгаль хүний клонинг хийхдээ гаргууд учраас, амжилт олох магадлал өндөр. Харин Доктор Хосе Сибелли туршилтаа хийхэд олон асуудалтай тулгарах нь бий. Хүний үр хөврөлийг олшруулахын тулд Хосед юун түрүүнд өндгөн эс хэрэгтэй. Үүнтэй адил хүний өндгөн эс. Энгийн нүдээр харах боломжгүй. Гэхдээ микро зүүний үзүүр дээр тогтоож болно. Үхрийн өндгөн эснээс ялгаатай нь хүний өндгөн эс маш ховор олддог.

Хосе авсан өндгөн эсдээ Техаст амьдардаг нэгэн эрийн генийг клонингийн аргаар суулгаж өгнө. Тэрхүү эрийг Жадсон Сомеруилл гэдэг. Урьд нь тэрээр хэд хэдэн триафлонд оролцож байсан. Түүний амьдралыг төгс гэж тодорхойлж болох юм – нэг зүйлээс бусдаар бол. 1990 онд 29 настайдаа Жадсон ослоор нуруугаа хугалжээ. Түүний нугас бүрмөсөн тасарсан аж. Одоо төмрөөр л түүний нугасны ясыг тогтоон барьдаг. Хосегийн клонингийн ажил нь Жадсонд тун их найдлага төрүүлж байгаа аж.

Жадсон шинэ нугасны эс ургуулахыг хүссэн юм. Гэхдээ яаж? Насанд хүрэгчийн хувьд энэ нь боломжгүй юм. Гэхдээ бид бүхэн үүнийг хийж чаддаг цаг гэж бий. Энэ бол үр хөврөлийн үе. Үр хөврөлд өөр эс, эд болон хувирах чадвартай хэсэг эсүүд байдаг юм. Үр хөврөлд зүрх, элэг, тархи ялгаран хөгждөг. Байгаль ийм л замаар хүнийг бүтээдэг.

Үр хөврөлд тэрхүү хүчийг хайрлаж буй нууц жор нь үр хөврөлийн үүдэл эс гэж нэрлэгдсэн нууцлаг эсүүдэд оршино. Үр тогтсоноос хойш долоо хоногийн дараа үүдэл эс анх бий болно. Энэ үед үр хөврөл зүгээр л нэг хэсэг олширсон эс байдаг. Тэдгээр дунд цөөн үүдэл эс оршино.

15,000 дахин томруулснаар энд хүний үүдэл эсүүдийг харуулжээ. Тэд их өвөрмөц. Зөвхөн үүдэл эс л ямар ч төрлийн эс болон хувирч чаддаг. Жишээ нь мэдрэлийн эс. энэ л эс хуваагдан олширохдоо тархи, нугасны эдийг үүсгэдэг юм. Үүдэл эсээс л мөн зүрхний эсүүд үүснэ. Удалгүй олширсоор бүтэн зүрх үүсгэх хэмжээтэй болно. Тони Атала эмч үүдэл эсийн хязгааргүй боломжийг олж харсан нэгэн. Тэрээр өвчинд нэрвэгдсэн олон хүүхдүүдийг үздэг билээ. Тэрхүү хүүхдүүдэд үүдэл эс тус болж чадна. Лабораторидоо Атала эмч амьтдын биеийн хэсгүүд ургуулж туршдаг юм.

Өвчтөнд мөгөөрсөн хоолой хэрэгтэй гэж бодоё. Тэгвэл бид өвчтөнөөс түрхэц аваад эсийг нь мөгөөрсөн хоолойны хэлбэртэй зүйл дээр ургуулах болно. Дараа нь мөгөөрсөн хоолойн эд үүсэж үүнийг өвчтөнд эргүүлж суулгах боломжтой болох юм. Та бүхний харж байгаа энэ зүйл хүнд хэрэглэж болох мөгөөрсөн хоолойн эд юм.

Атала эмч мөн судас ургуулж чадсан нэгэн. Бас хархны үүдэл эсээс бөөр ургуулсан юм.

Энд бид илүү нарийн бүтэцтэй эрхтэнг харж байна. Энэ бол жижиг бөөр. Гэхдээ туршилтад хэрэглэвэл энэ нь шээс ялгаруулах боломжтой юм. Магадгүй 10 жилийн дараа энэ технологийг бөөрний дутагдалтай хүмүүст хэрэглэж болох юм.

ӨГҮҮЛЭГЧ: Ямар ч эдийг ийм аргаар ургуулж болно. Нугасны эдийг хүртэл. Жадсоны нугасны эдийн хагас нь ургадаг юм гэхэд түүний амьдралд дэвшил гарах болно.

Үүдэл эсүүд Жадсонд өөрийнх нь биеийн гүйцэлдүүлж үл чадах боломжыг олгох юм. Жадсонтой адил нугас нь тасарсан хархыг эрдэмтэд сонгон авчээ. Хөл нь мэдээгүй болсон тул хөдөлж үл чадах харх. Үүнийг эмчлэхийн тулд эмч нар нугасны эдийн хэлбэртэй утас бэлдэж үүдэл эсүүд дунд суулгаж, ургасных нь дараа хархны нуруунд суулгасан байна. Молекулын дохиогоор идэвхжсэнээр үүдэл эсүүд шинэ нугасны эд ургуулж эхлэх юм. Үр дүн нь эрдэмтийн таамгаас хэтэрчээ.

Үүдэл эсийн эмчилгээний үр дүн амжилтад хүргэсэн байна. Хэдий сул ч гэсэн хархны хөл хөдөлж байв. Тархинаас нугасанд дохиолол очиж байгаагийн баталгаа энэ. Өөр бусад хархнуудад хийгдсэн туршилтаас нугасны эс хэрхэн сайн ургаж болох нь харагджээ. Хархны үүдэл эс хархны нугасыг бий болгож чадсан байх юм. Гэхдээ Жадсонд нугасаа нөхөн сэргээхийн тулд хүний үүдэл эс хэрэгтэй. Түүний өөрийнх нь биед таарах үүдэл эс хэрэгтэй аж. Өөрийнх нь ДНХ-тай адил ДНХ-г агуулсан эс. Өөрөөр бол Жадсонд өөрийнх нь эсээс клонингоор гаргаж авсан үүдэл эс хэрэгтэй.

Хэрэгтэй үүдэл эсээ олж авахын тулд мөн үр хөврөл хэрэгтэй юм. Үүнийг зөвхөн клонингоор л гаргаж авч болно. Өөрөөр бол өвчтнөөс нэг эс аваад бөөмийг нь хүний өндгөн эс дотор оруулж өгнө. Өндгөн эс дараа нь үр хөврөл болж бидэнд хэрэгтэй тэрхүү үүдэл эсийг өдөөн бүтээх юм. Клонингийн арга л өвчтөний бие голохгүй эдийг бий болгох цор ганц боломж. Сүүлийн үеийн судалгаагаар энэ клонингийн эмчилгээ нь 120 сая хүнд үр өгөөжөө өгч эдгэрүүлэх боломжтой гэсэн байсан. Тэгэхээр энэ бол анагаах ухааны хувьсгал болох бүрэн найдлагатай ажээ.

Ийм хувьсгал бид бүхний амьдралд тун түргэн эерэгээр нөлөөлж болох юм. Та гэртээ харих гэж байлаа гэж бодоё, хэн ч осолд орох бүрэн боломжтой болсон цаг. Таны бөөр, элэг, зүрх дахин сэргэхээргүй гэмтэж мэднэ. Клонингийн аргаар таныг ухаангүй байх үед орлох хэсгүүдийг ургуулж эхэлнэ. Клонингоор гаргаж авсан үүдэл эсийг ашиглан эмч нар тухайн эрхтний яг адил хувилбарыг гаргаж авна. Ингээд л та тун түргэн эдгэрэх боломж бүрдэнэ.

Доктор Хосе Сибелли клонингийн судалгаагаа явуулахад юун түрүүнд өндгөн эс хэрэгтэй. Өндгөн эсийг найдвартай хүргэхийн тулд Хосег үргэлж бие хамгаалагч дагаж явдаг. Хүний өндгөн эс үнэ цэнэтэй. Учир нь эмэгтэй хүн сард нэг л өндгөн эс гадагшлуулдаг. Гэвч гормони тарьж өгсөнөөр эмэгтэй хүн нэг дор 20 хүртэлх өндгөн эс ялгаруулах боломжтой. Үргүйдлийг эмчлэхтэй адил өндгөн эсийг дотоод мэдээ алдуулагчийн тусламжтай цуглуулж авдаг. Дараа нь өндгөн эс бүрийг тоолж, шалгана. Өндгөн эс бүр миллиметрийн 10-ны нэгтэй тэнцэх диаметртэй юм. Тэрээр удалгүй Жадсоны арьснаас авсан хэдэн мянган эсийг агуулсан уусмалаас зөвхөн нэг эсийг авч нэг л өндгөн эс дотор хийх болно.

Жадсоны арьсны эс түүний биеийн бусад эсүүдтэй адил дахин нэг Жадсоныг бүтээх бүх генийн мэдээллийг агуулсан байдаг. Нэг арьсны эсийг энгийн нүдээр харах боломжгүй. Гэхдээ 60,000 дахин томруулахад эс доторх гайхалтай ертөнцийг ажиглаж болно. Эсийн голд бөөм бий. Бөөм дотор хромосомууд бий. Хромосомууд нь ДНХ-гийн эрчилсэн утасны цогц юм. эрчлээг нь гаргах юм бол ДНХ-ийн давхар хос гинжийг ажиглаж болно. ДНХ-ийн гинж бүр зуу зуун генийг агуулдаг. Энэхүү ген л бүгдийг үүсгэдэг. Таны хамрын хэлбэр, арьсны өнгийг ген л бий болгоно. Хосе Жадсоны ДНХ-г агуулагч бөөмийг өндгөн эс дотор хийх юм. Ингэснээрээ насанд хүрсэн хүний эс дахин үр хөврөлийн байдалд шилжих юм.

Эхлээд Хосе өндгөн эсээс бөөмийг нь авч хаях болно. Энэ бөөм нь өндгөн эсийг өгсөн эмэгтэйн генийн хагас материалыг агуулна. Энэ мэдээлэл Жадсоны ДНХ-тай холилдож болохгүй. Дараа нь Хосе Жадсоны арьсны нэг эсийг аваад нэг өндгөн эсэд хийх болно. Хийсний дараа хэрвээ зөв ажиллавал өндгөн эс хуваагдаж эхэлнэ.

Өндгөн эс сперм ирэхийг хүлээж л байгаа. Хэрвээ бид юу ч хийхгүй бол энэ хэвээрээ л  байна. Гэхдээ бид энэ байдалд нь 2 цаг байлгах ёстой. Дараа нь хиймлээр спермийн оролцоогүйгээр үр тогтсон мэт орчинг үүсгэнэ. Дараа нь өндгөн эс хуваагдах боломжтой болно. Мөн өндгөн эс хуваагдсан эсэхийг мэдэхийн тулд 2 хоног хүлээх хэрэгтэй.

Үүдэл эсүүдийг дан ганц эрхтэн ургуулахад ашигладаггүй. Энэ нь чихрийн шижин, Паркинсоны, Алцхаймерийн өвчин зэргийг эмчилэхэд тус болох нь дамжиггүй. Мөн үүгээр ч зогсохгүй үүдэл эсийг хөгшин эсийг солиход ашиглаж хөгшрөлтийг хойшлуулж болох юм. Гэвч энэ бүхэн ирээдүйд биднийг хүлээн буй.

Орчин үеийн биологи, анагаах ухаан дахь энэ дэвшил нь амьдрал гэж юу болохын бүр гүнд орчихож байгаа юм. Энэ дэвшилтэт байдал нь л олон хүмүүст таалагдахгүй байгаа аж. Үр хөврөлөөс хэсэг эсийг нь ашиглана гэдэг бол олон хүмүүсийн хувьд аллага, гэмт хэрэгтэй ялгаагүй санагддаг. Харин зарим хүмүүс болохоор аллага гэдэг нэршлийг зүүний үзүүр дээр тогтох жижиг эсэд хэрэглэх нь тохиромжгүй гэж үздэг.

Үр хөврөлийн эхний 2 долоо хоногт энэ нь зөвхөн хэсэг эс л байдаг. Үр хөврөлийн үүдэл эсийг гаргаж авахын тулд яг энэ үеийнх нь л үр хөврөлийг ашиглаж болно. Өөрөөр бол энэ үедээ зүгээр л хэсэг эс байна гэсэн үг. Энэ нь хүний үр хөврөл гэдгээрээ амьд ч гэсэн оюун ухаант биш гэдгийнхээ үүднээс бол амьд биш юм. Тиймээс оюун ухаант амьдрал, эсийн амьдралын хооронд том ялгаа бий.

Яг одоогоор зөвхөн хүний үр хөврөл үүдэл эсийн ганц эх үүсвэр болж байгаа. Тиймээс үүдэл эсийн шинэ эх үүсвэрийг олтол маргаан үргэлжлэх л болно.  Хүмүүс энэ технологийг зөвхөн үүдэл эс гаргаж авахаар зогсохгүй гэдгээс их айж байгаа юм. Хэдэн эс клонингоор гаргахаас хүүхэд гаргаж авах гэдэг бол том үсрэлт байх болно. Тун хэцүү тул нилээн хугацаа зарж байж эрдэмтэд учрыг нь тайлах биз. Ямартай ч клонингоор хүүхэд гаргаж авах тал дээр татгалзахааргүй эрэлт хэрэгцээ гарах нь ойлгомжтой билээ.

Олон л хүмүүст өрөвдмөөр нөхцөл байдал бүрдсэн байдаг. Жишээ нь бяцхан хүүхэд нь нас барж буй юм уу нас барсан байвал тэд клонингоор хүүхдээ дахин гаргаж авахыг хүсэх нь зүй ёсны хэрэг. Ингэснээрээ хүүхдээ дахин амьдруулж байгаа мэт санагдана. Хүний зарим эс үхлийн дараа хэдэн цагийн турш амьд байдаг. Тиймээс талийгаачийг клонингоор гаргаж авах боломжтой. Гэвч үнэхээр хүүхдийг дахин төрүүлье гэвэл тэднийг амьд байх үед нь дээж авах хэрэгтэй.

Жэймс МакЭрлэн клонингт найдаж байгаа олон хүмүүсийн нэг билээ. Тэрээр:

“Миний бяцхан хүү Жэйми 7 настай. Тэр биеийн хувьд төгс жаал. Сайхан бие, сайхан хөлтэй. Гэхдээ харамсалтай нь, хүү маань 10 нас хүрэхгүй байх.” хэмээн ярьж сууна.

Жэймигийн тархи хүнд согогтой ажээ. Түүний хараа маш муу, ярьж чадахгүй, булчингаа удирдах чадамжгүй юм. Түүний тархины хөгжил нярай хүүхдийнхтэй ижил. Тэр хэд хэдэн удаа комд орж байсан. Өдөрт 24 цаг эцэг эхийнхээ халамжийг шаарддаг. Жэйми эхийн хэвлийд байхад тархи нь эрүүл хөгжиж байжээ. Гений хувьд эрүүл хүү байсан хэрэг. Гэвч Жэймигийн төрөлт хүндхэн явагдсан байна. Төрөөд удаа ч үгүй хүү сүүндээ хахаж эхэлсэн байна. Шинжилгээгээр тархины саа өвчин болох нь нотлогджээ. Гэхдээ эцэг эх нь хүүгийнхээ тухай бүх үнэнийг Жэймиг 21 сартайд нь мэдэж авсан гэдэг.

Ирээдүйд Жэйми шиг хүүхдүүдэд үүдэл эс тус болж мэдэх юм. Гэхдээ хүүгээ клонингоор гаргаж авах хүслийг эцэгт нь юу төрүүлсэн юм бол?

Жэймс МакЭрлэн: “Клонингийн тухай яригдаж эхлэхэд миний хувьд хүүгээ эрүүл саруул харах хамгийн том хүсэл маань биелэх юм гэж бодсон. Жэйми тийм ч удаан амьдрахгүй.”

Хүүхдийг клонингоор гаргаж авах нь дахин амьдруулж байгаа мэт ч генетикч Жон Бёрнс энэ нь үнэхээр буруу ойлголт гэдгийг тайлбарласан юм.

ЖОН: “Хүмүүс үргэлж л клонингоор хүн гаргаж авахыг дахин төрөлттэй адилтгадаг. Гэхдээ мэдээж тийм биш. Хэрвээ насанд хүрсэн хүний эсийг аваад шинэ үр хөврөл бий болгодог юмаа гэхэд яг ижил генийн бүтээлийг өөр эхийн хэвлийд, өөр үед аваачиж болно. Тэгэхээр үүнийг байгалийн жамаараа бий болсон нэг өндгөн эсийн ихрүүдээс ямар ч ялгаагүй гэж болохгүй.”

Клон яг ижил харагдаж болно. Гэхдээ орчин тойрны нөлөөллөөс болоод хэзээ ч адил байх боломжгүй юм. Нэг өндгөн эсийн ихрийн хувьд ч гэсэн тэд яг ижил байдаггүй. Хүний хөгжилд удамшлаас гадна амьдрах гадаад орчны нөлөө маш их. Дан ганц төрснөөс хойш гадаад орчин нөлөөлдөг юм биш, эхийн хэвлийд байхад ч олон хүчин зүйлүүд нөлөөлнө. Өөрөөр бол бид байгаль орчинтойгоо салшгүй холбоотой.

Ураг 24 долоо хоногтойгоос эхлэн гадаад ертөнцийг хүлээн авч мэдэрч эхэлдэг. Эхийн хэвлийд байхад ургийн тархины хөгжил бараг дан ганц юу сонсож байгаагаас шууд хамааралтай болно.

Сара Карл хоёрын гурван шинэ хүн амжилттай эхийнхээ хэвлийд бойжиж, эрт төрсөн ч одоо эв эрүүл нөхцөл байдалд байна. Энэ гурван ихэр нэг өндгөн эсээс эхлэлтэй. Тэд өөр өөр зүйлийг мэдэрч, өөр өөр дурсамжтай үлдэнэ. Гэхдээ тэднийг байгалийн клон хэмээх баримт хэзээ ч тойрч гарахгүй. Харин Хосегийн хиймлээр клонинг хийх ажил нэг л урагшгүй байлаа. Тэр ямар ч үр дүн харсангүй уджээ. 10 сар гэхэд тэр бараг 40 шахам өндгөн эсэд ДНХ оруулсан ч нэг нь ч хуваагдаагүй байна. Харин 10 сарын 12-нд Хосе хамгийн сүүлчийн өндгөн эсийн өсгөврөө гаргаж ирэхдээ бас л хуваагдаагүй байгаа гэж боджээ.

ХОСЕ: “Би тэр өдөр лаборатори дээрээ ирээд инкубатороо нээгээд тавгаа аваад микроскопоороо харсан юм. Би хуваагдаагүй юм уу үхсэн өндгөн эс харах байх гэж бодож байсан ч би зарим нь 2 эстэй, зарим нь 3 эстэй үр хөврөлийг харсан. Эрдэмтний хувьд энэ мэтийн боломж тэр болгон гараад байхгүй. Харин миний хувьд энэ бол хамгийн чухал мөч маань байсан.”

Хосе өмнө нь хэний ч хийж байгаагүй зүйлд хүрч чаджээ. Тэрээр клонингоор хүний үр хөврөл гаргаж авав. Түүний амжилт дэлхий дахиныг шуугиулсан юм. Энэ үеэр дахин нэг эрдэмтэн хүний үр хөврөлийг клонингоор гаргаж авчээ. Хэвлэл мэдээллийнхэн шуугилдаж байсан ч Хосе энэ бол зөвхөн эхлэл гэдгийг мэдэж байлаа. Тэр дээд тал нь 6 эст үр хөврөлийг би болгосон байна. Үүдэл эсийг гаргаж авахын тулд түүнд дор хаяж 50 эст үр хөврөл хэрэгтэй.

Энэ шинжлэх ухаан хэр хурдан, хэр хол нисэхийг хэн ч мэдэхгүй. Эсэргүүцэгчид клонингийн аргыг хууль бус болгож мэднэ. Гэхдээ ийм судалгааг одоо зогсоох боломжгүй юм.

How to Build a Human: Creation баримтат киноноос

Advertisements

2 thoughts on “Хүнийг цогцлоон бүтээхүй

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s