Цус

Хүний биемахбодид судсаар буй урсаж улаан өнгөтэй шингэн бодисыг цус гэж нэрлэдэг. Цус нь хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий болон витамин, гормон, бодисын солилцооны бүтээгдэхүүн гэх мэт бодисуудыг зөөвөрлөх үүргийг гүйцэтгэдэг. Цус дараах онцлогтой.

А. Түүний бүрдэл хэсгүүд нь судасны дотор үүсдэг.

Б. Түүний эс завсрын хэсэг нь шингэн орчин байна.

В. Цусны үндсэн хэсэг нь хөдөлгөөнд байдаг.

Цусны үүрэг:

1.Бодис солилцооны үйлд оролцоно.

Тэжээл боловсруулах замаас цусанд орсон бодисууд цусаар зөөвөрлөгдөн эд, эсэд хүргэгдэх ба бодис солилцлын дүнд үүссэн эцсийн ба завсрын бүтээгдэхүүнүүд мөн л цусаар зөөвөрлөгдөн ялгах эрхтэнд очино.

2.Амьсгалах үйлд оролцоно.

Уушигнаас цусанд орсон хүчилтөрөгч эд, эрхтэнд, нүүрсхүчлийн хий эд, эрхтэнээс уушгинд цусаар зөөвөрлөгдөн хүргэгдэнэ.

3.Дулаан зохицуулах үйлд оролцоно.

Цус дулаан шингээх чадвар сайтай бөгөөд биеэр урсан өнгөрөхдөө дулааныг адил хэмжээтэй хуваарилах, тогтмол хэмжээнд байлгах үүргийг гүйцэтгэнэ. Биед үүссэн илүүдэл дулааныг захын судсаар дамжуулан гадаад орчинд алдаж болдог.

4.Шингэний зохицуулгад оролцоно. 

Дотоод шүүрлийн булчирхайд нийлэгжсэн даавар, биологийн идэвхит бодисууд цусаар зөөвөрлөгдөн эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны зохицуулгад оролцоно.

5.Биемахбодыг хамгаалах үйлд оролцоно.

Цусны эсүүд нь биед орсон нян, вирус, тэдгээрийн хор, гадны биетийг устгах, саармагжуулах зэргээр биемахбодыг хамгаалдаг.

6.Цус, тунгалаг ба эдийн шингэн нь биемахбодын дотоод орчныг бүрдүүлдэг. Энэхүү дотоод орчноо тогтвортой хадгалах үүргийг цус гүйцэтгэнэ.

Цус нь дүрст элементүүд ба цусны плазм гэсэн хоёр хэсгээс тогтдог. Дүрст элементүүдийг дотор нь эритроцит (улаан эс), лейкоцит (цагаан эс), тромбоцит (цусны илтэс) гэж хуваадаг. Цусны плазмд дүрст элементүүд суспензлэгдэн оршихоос гадна олон тооны уураг, бага молекул жинтэй бодисууд ууссан байдаг. Цус биеийн жингийн 7-8%-ийг эзэлдэг бөгөөд хүний биед дунджаар 5л цус байдаг.

Цусанд эзэлхүүнээрээ дүрст элементүүд 45%-ийг, сийвэн 55%-ийг эзэлдэг. Дүрст элементүүдээс 44% нь эритроцитод, 1% нь бусад эсүүдэд оногдоно.

Хүний цусны ба плазмын найрлага.   Хүснэгтээр доор үзүүлэв:

Бүрэлдэхүүн хэсэг

              Цус

          Плазм

Ус, %

75-85

90-91

Хуурай бодис,%

15-25

9-10

Гемоглобин, г/л

130-160

Нийт уураг, г/л

65-85

Фибриноген, г/л

2-4

Глобулин, г/л

20-30

Альбумин,/

40-50

Уургийн биш азот, ммоль/л

15.0-25.0

14.3-21.4

Глутатион, ммоль/л

1.1-1.5

Мочевин, ммоль/л

3.3-6.6

3.3-6.6

Шээсний хүчил, ммоль/л

0.18-0.24

0.24-0.29

Креатинин, ммоль/л

0.06-0.076

0.06-0.76

Креатин, ммоль/л

0.23-0.38

0.08-0.11

Амин хүчлийн азот, ммоль/л

04.3-5.7

2.9-4.3

Индикан, ммоль/л

0.001-0.004

Глюкоза,ммоль/л

3.3-5.0

3.6-5.5

Глюкозамин, ммоль/л

3.9-5.0

Пентоза, ммоль/л

0.13-0.26

Нийт липид, г/л

7.0-7.2

3.8-6.7

Саармаг липид, ммоль/л

1.0-2.6

1.2-2.8

Холестерин, ммоль/л

3.9-5.2

3.9-6.5

Гуанидин, ммоль/л

0.005-0.08

Фосфолипид, г/л

2.2-4.0

Фосфатидихолин, ммоль/л

3.0

1.5-3.0

Кетоны биеүд, г/л

8-30

Ацетоцууны хүчил, ммоль/л

0.05-0.19

Сүүний хүчил, ммоль/л

1.1-1.2

Пировиноградын хүчил, ммоль/л

0.07-0.14

Нимбэгний хүчил, ммоль/л

0.10-0.15

-Кетоглютарын хүчил, ммоль/л

0.05

Хувийн хүчил, ммоль/л

0.004

Билирубин, ммоль/л

0.004-0.26

Холин, ммоль/л

1.5-2.5

Цусны физик, химийн шинж чанар

Цусны өнгө эритроцитод байгаа гемоглобиноор тодорхойлогдоно. Артерийн судсанд хүчилтөрөгчөөр ханасан гемоглобин байдаг учир улаан өнгөтэй байдаг. Венийн судас нь исэлдсэн төдийгүй, ангижирсан гемоглобин агуулдаг учир хөх, хүрэн улаан өнгөтэй байдаг. Эрхтэн идэвхтэй ажиллахын хэрээр гемоглобин хүчилтөрөгчөө алдаж тухайн эрхтний венийн цус бараан өнгөтэй болно. Цусны температур 37- 40 байдаг.

Цусны бүлгийн бодисууд

Хүний цусанд 100 гаруй цусны бүлгийн бодисоос тогтсон 14 бүлэг систем байдаг. Нилээд эрт мэдэгдсэн цусны бүлгийн систем нь АВО юм. Энэ системийн дагуу бүх хүмүүсийг 4 бүлэг болгон авч үздэг. Судалгаагаар дэлхийн хэмжээнд А бүлгийн цустай хүн 16%–ийг, АВ бүлгийн цустай хүмүүс 4% –ийг, 0 бүлгийн цустай хүн 40%–ийг эзэлдгийг тргтоосон байна. Тэгвэл энэ харьцаа Монголчуудад 24, 31, 6 ба 39%-ийг эзэлдэг байна. Энэ нь эритроцитын гадаргуу дээрх цусны бүлгийн бодисууд буюу цусны бүлгийн эсрэгтөрөгчид гэж нэрлэгддэг бодисуудаас хамаардаг. Цусны бүлгийн бодисууд зөвхөн эритроцитын гадаргуу дээр биш мөн тромбоцит, лейкоцит, сперматозоид, эндотелийн болон эпителийн эсийн гадаргуу дээр оршдог. Бүх хүмүүсийн 80%-д цусны бүлгийн бодисууд уусдаг хэлбэрээрээ шээс, үрийн шингэн, нус, шүлс, ходоодны мэт организмын шингэнд агуулагддаг нь тогтоогдсон байна.

Цусны буфер тогтолцоо

Бодис солилцлын явцад  хүчиллэг  ба шүлтлэг бодисууд цусанд байнга орж, шинээр үүсэж байдаг хэдий боловч цус болон биеийн дотоод орчны урвал тогтвортой нэг түвшинд хадгалагдаж байдаг. Ингэснээр эд эсийн хэвийн үйл ажиллагаа хангагдах бөгөөд хэрэв дотоод орчны урвал нь аль нэг тийш хэлбэлзбэл бодисын солилцоо хүчтэй хямарч улмаар үхэлд хүрэх аюултай.

Тухайн уусмалын хүчиллэг ба шүлтлэг шинж  нь түүнд агуулагдах  H+ ба OHионуудын харьцаанаас хамаардаг. Ус нь H+ ба OH болон диссациацлагддаг бөгөөд 220-д 10-7, ижил хэмжээний H+ ба OH үүсгэх ба үүнийг саармаг уусмал гэдэг. Хэрэв үүнээс их бол шүлтлэг, бага бол хүчиллэг уусмал гэнэ.

Амьтны цус ба эд хоорондын шингэн сул шүлтлэг урвалтай. Цусны хүчиллэг энэ утгаасаа их болохыг алкалоз, бага болохыг ацитоз гэнэ.

Биеийн дотоод орчны тогтвортой байдал нь цусны буферийн тогтоглцоо, уушгиар нүүрсхүчлийн хийг гадагшлуулах, H+ ба НСО3 ион шээстэй хамт гадагшлах замаар зохицуулагдана.

Цус хүчил, шүлтийн тэнцвэрээ тогтмол хадагалах нөхцлийг цусны буферийн тогтолцоо гүйцэтгэнэ. Уусмал дахь H+ ба OHионы хэмжээг тэгшитгэх үйлчилгээтэй уусмалуудыг буфер уусмал гэдэг.

Цусанд орсон хүчлийг шүлтээр, шүлтийг хүчлээр саармагжуулж бие махбодын дотоод орчны хүчил, шүлтийн тэнцвэртэй байдлыг хангах үүрэг бүхий тогтолцоог буферийн тогтолцоо гэнэ. Цусанд үндсэн 4 буфер байдаг.

  1. Карбонатын буфер
  2. Фосфатын буфер
  3. Уургийн буфер
  4. Гемоглобины буфер

Буферийн тогтолцоо нь сул хүчил ба сул шүлтээс тогтоно. Тухайлбал 1.Карбонатын буфер нүүрсний сул хүчил (HCO3) ба түүний давсуудаас (NaHCO3,KHCO3) тогтоно. Цусанд хүчил ороход хүчлийн анион бикарбонат натрийн катионтой харилцан үйлчлэлцсэний үр  дүнд натрийн давс ба нүүрсний хүчил үүснэ. Сүүний хүчил  цусанд ороход явагдах урвалын тэгшитгэлийг үзүүлбэл: CH3CHOHCOO+NaHCO3=CH2CHOHCOONa+H2CO3 Цусанд шүлт ороход түүнтэй нүүрсний хүчил урвалд орсноор шүлтийг саармагжуулна. Жишээ нь: NaOH+H2CO2= NaHCO3+H2O

Энэ мэтээр цусанд орсон хүчил, шүлт саармагжиж байдаг.

2. Фосфатын буфер нь сул хүчлийн шинжтэй NaH2PO4 (натридигидрофосфат) ба сул суурийн шинжтэй  Na2H2PO4-2 (натригидрофосфат)-аас тогтоно.

Цусанд хүчиллэг бодис ихээр үүсэх үед сул суурийн шинж бүхий натридигидрофосфатыг үүсгэх замаар саармагжуулна. Na2H2PO4+HCI=NaH2PO4+NaCI

Харин шүлтлэг бодисууд цусанд ихээр үүссэн үед үүний эсрэг урвал явагдана.

 NaH2PO4+ NaOH=NaH2PO4+H2O

Үүссэн сул хүчил, сууриуд бөөрөөр дамжин биеээс зайлуулагдана.

3. Уураг нь амфотер шинж чанартай учир буферийн тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ. Уураг диссоциацид орох шинж чанараасаа хамааран хүчил ба шүлтийн шинжийг үзүүлнэ. Уургийн бүтцэд байх амихнхүчлийн карбоксиль (СООН) бүлэг нь хүчлийн шинжийг үзүүлдэг бол амин бүлэг нь(NH2) суурийн шинжийг үзүүлдэг.

Цусны уургуудаас улаан өнгийн гемоглобин голлох үүрэгтэй. Гемоглобины найрлаганд гистидин ихээр агуулагддаг. Гемоглобины уураг нь ангижирсан гемоглобин ба ангижирсан гемоглобины давсаас тогтоно.

Нь сул хүчлийн давсны шинжийг үзүүлэх бөгөөд хүчиллэг бодис цусанд ихээр орох үед К ба ангижирсан гемоглобин болж диссоциацлагддаг. Харин ангижирсан гемоглобин нь СО2 ба О2-ийг нэгдүүлэх чадвартай байдаг. Бодис солилцооны явцад цусанд хүчиллэг бодис илүү их ору ирдэг учраас цусны хүчлийг тэсвэрлэх чадвар шүлтийнхээс илүү байдаг. Цусны сийвэнг устай харьцуулбал шүлтийг саармагжуулах чадвар 40-70 дахин, хүчлийг саармагжуулах чадвар 280-350 дахин их байна. Энэ нь цусанд нөөц шүлтлэг бодис илүү их агуулагддаг болохыг харуулж байгаа юм.

Цус нөөцлөх эрхтнүүд

Эрхтнүүдийн цусан хангамж үйл ажиллагааныхаа байдлаас хамааран өөрчлөгдөж байдаг.

Тухайлбал хоол, тэжээл идсэний дараа тэжээл боловсруулах эрхтнүүдийн цусан хангамж сайжирч, арьс ба булчингийн цусан хангамж буурдаг бол механик ажлын үед тэжээл боловсруулах эрхтний цусан хангамж буурч, булчингийн цусан хангамж нэмэгдэнэ.

Үүнээс гадна цусны нилээд хэсэг цусны эргэлтэд оролцохгүйгээр элэг, дэлүү, уушиг, арьсны доорх эслэгт хадгалагдаж байдаг. Эдгээрээс дэлүү нь цус нөөцлөх гол эрхтэн юм. Дэлүүний хураагуур судаснууд нь цүлхэн  ба эдгээр нь хуниаснуудтай байна. Эдгээрээс хуниасууд сулрах үед цус цүлхэн рүү орох ба агших үед хаагдаж цусны эргэлтээс тусгаарлагдана. Дэлүүний цусанд улаан эс их хэмжээгээр агуулагддаг тул энэ цус эргэлтэд ороход цусны хүчилтөрөгчийг зөөх чадвар сайжирдаг. Элгэнд цусны эргэлт удаашрах замаар нөөцлөгдөнө. Элэгний цусны урсгал бусад эрхтнийхээс 10-20 дахин бага байдаг.

Цус бүлэгнэлт

Цусны физиологийн чухал шинж чанаруудын нэг нь бүлэгнэлтийн процесс юм. Энэ нь олон тооны гинжин урвалаар явагддаг гидорлизын урвалууд байдаг. Бүлэгнэлтэнд плазмын ба тромбоцитын гэсэн хоёр хүчин зүйл ордог.

Плазмын хүчин зүйлүүд. Нийт 13 хүчин зүйл байдаг.

Цус бүлэгнүүлэгч хүчин зүйлүүд

Х/З Нэршил Нийлэгждэг эрхтэн Үүрэг
I Фибриноген Элэг Фибриний урьдал уураг
II Протромбин Элэг вит К оролцоно.  Торомбиний идэвхигүй хэлбэр
III Эдийн тромбопластин Тромбоцит ба эдэд Фермент
IV Ca++ Сийвэнд агуулагдана. V, VII, VIII, IX, X, XIII х.з-ийг идэвхижихэд оролцоно.
V Проакцелерин Элэг  глобулин, тромбоцитийн мембрантай холбогдож тромбинийг идэвхижүүлэгч хүчин зүйл болно.
VI Акцелерин               – V х.з-ийн идэвхитэй хэлбэр
VII Проконвертин Элэг Вит К -глобулин X х.з-ийг идэвхижүүлнэ.
VIII Гемофилийн эсрэг хүчин зүйл А Элэг, бөөр -глобулин III ба X х.з-ийг идэвхижүүлнэ.
IX Гемофилийн эсрэг хүчин зүйл Б (Кристмасын хүчин зүйл) Элэг, Вит К глобулин- протеаза, IV ба X х.з-ийн оролцоотой III х.з-ийг идэвхжүүлнэ.
X Стюартын хүчин зүйл Элэг, Вит К – глобулин протеаза
XI Элэг III х.з болж хувирна.
XII Хагеманы хүчин зүйл Элэг Гликопротеин, XI х.з-ийг идэвнижүүлнэ.
XIII Фибрин тогтворжуулагч хүчин зүйл Элэг Транспепдидаза, Фибринийг тогтворжуулна.

Цус бүлэгнэлтийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлүүд нь дүрст элемент ба эдэд агуулагдана. Цус бүлэгнэхэд оролцдог хүчин зүйлийн ихэнх нь элгэнд нийлэгждэг уургууд байна. Эдгээрийн олонх нь физиологийн хэвийн үед биохимийн идэвхгүй профермент хэлбэрээр агуулагдана. Цус гоожих үед эдгээр хүчин зүйлүүд нь дараалсан нарийн биохимийн урвалуудын үр дүнд идэвхсэнээр цус бүлэгнэх үйл нөхцөлдөнө.

Цус бүлэгнэлтийг дараах үе шатаар тоймлон ойлгож болно. Цусны судас гэмтэж цус гоожиход юуны түрүүнд цусны судасны гэмтсэн хананд тромбоцит шүргэлцэн, зууван хэлбэрээ алдаж, мембран нь гадагшаа цүлхийн олон тооны сэртэнгүүдийг үүсгэнэ. Энэхүү сэртэнгүүд нь тормбоцитүүд хоорондоо болон судасны гэмтсэн хэсэгт наалдах боломжийг олгодог. Цаашид тромбоцит задарч тромбопластин үүсэх ба үүссэн тромбопластины нөлөөгөөр сийвэнгийн уураг протромбин тромбин болж хувирах, үүссэн тромбины нөлөөгөөр сийвэнд уусмал хэлбэрээр агуулагдаж байдаг фибриноген уураг уусддаггүй утаслаг хэлбэрийн фибрин уураг болж судасны гэмтсэн хэсэгт наалдаж тор үүсгэж улмаар бүлэн үүсгэх шалтгаан болно.

Цус бүлэгнэлтийн эсрэг тогтолцоо

Биед цус бүлэгнүүлэх тогтолцоо байхын зэрэгцээ цус бүлэгнэлтийн эсрэг тогтолцоо байдгийн адилаар судсаар бус бүлэгнэхгүйгээр тасралтгүй урсаж байдаг. Цус бүлэгнэлтийн эсрэг тогтолцоонд

–          Судасны дотор ханын бүтцийн онцлог.

–          Цусанд агуулагдах цус бүлэгнэлтийн эсрэг бодисууд

–          Фибрин задлагч ферментүүд ба ферментийн бус бодисууд орно.

Цусны судасны дотор ханын дотоод хөхөлжийн эсийн дотно гадаргуу гөлгөр байдаг учраас цус саадгүй урсах нөхцлийг хөнгөвчилнө. Дотоод хөхөлжийн эсийн дотно гадаргууд наалдсан гликокаликс болон мукополисахарид нь цус бүлэгнэх хүчин зүйлийг өөртөө наалдуулж тромбоцитийн наалдалтыг саатуулна. Дотоод хөхөлжийн мембрантай холбоотой тромбомодулин уураг тромбиныг өөртөө нэгдүүлнэ. Ингэж холбогдсон тромбин цус бүлэгнэлтэд оролцох чадваргүй байдаг.

Цусны найрлагад агуулагдах альфаглобулин бол цус бүлэгнэлтийн эсрэг үйлдэл бүхий гол үндэс бодис юм. Антитромбин III элгэнд нийлэгжих бөгөөд тромбин уураг болон бусад цус бүлэгнүүлэх хэд хэдэн хүчин зүйлийн идэвхийг дарангуйлна.

Базофил эсэд нийлэгжин ялгарч байдаг гепарин нь бүтийн хувьд хүхэржсэн полисахарид бөгөөд цус бүлэгнэлтийн эсрэг үйлдэл бүхий гол бодисын нэг юм. Мөн элэг, уушиг, булчинд ихээр агуулагдана. Гепарин антитромбин III-тай нэгдэж цус бүлэгнэлтийн эсрэг үйлдлийг идэвхижүүлнэ.

Фибринийг задлах үйлдэл нь цус бүлэгнэлтийн эсрэг маш чухал хүчин зүйл юм. Энэ үйлдэл цус бүлэгнэх үйлтэй зэрэгцэн явах бөгөөд үүний үр дүнд цусны судас бүлэнгээр бөглөрөхөөс хамгаалагдана. Фибрин задлагч хүчин зүйлийн нөлөөгөөр бүлэн үүссэн судсанд нүх үүсч цусны хэвийн урсах нөхцөл бүрдэнэ. Фибринийг задлагч гол фермент бол плазмин юм. Плазмин нойр булчирхайн трипсинтэй төстэй үйлдэл үзүүлнэ. Плазмин нь  фибринээс уусамтгай пептидийг гидролизээр салгаж, трломбины үйлдлийг саатуулдаг. Ферментийн бус фермент задлах үйлдэл гепарины оролцоотой хэрэгжинэ. Мөн кумарин гэдэг бодис К витамины эсрэг үйлчлэх замаар цус бүлэгнэлтийг саатуулна.

1 thoughts on “Цус

Сэтгэгдэл бичих