Өөх тосны солилцоо

Өөх тос нь хүний биед   зохих  хэмжээний үүргүүдийг гүйцэтгэж байдаг. Жишээ  нь хамгаалах,   энергийн  эх  булаг болох,  усны  хэрэгцээг хангах,  бүтцийн  гэх мэт. Липидийн солилцоо  нь ургал  мэдрэл  болон дотоод  шүүрлийн   булчирхайн   үйл ажиллагаагаар зохицуулагдаж  байдаг. Дотоод  шүүрлийн   булчирхайнаас ялгарах   даавруудын  нөлөөгөөр    хяналттайгаар явагдана.   Нийт организмын  липидийн   солилцоо  төсөөтэй  ч хивэгч  амьтдын  липидийн  солилцоо   бусад   амьтадтай харьцуулахад арай  өөр.

Өөх нь тос, тос төст бодисыг нэгтгэсэн нийлмэл нэр. Тосны молекул нь нэг молекул глицерин гурван молекул тосны хүчлээс тогтоно. Тос төст бодист органик уусмалд  ууссан  нэгдлүүд, фосфатид, стерин, лав, гликолипид  зэрэг  орно. Аливаа тосны найрлаганд ханасан  ба ханаагүй  тосны хүчлүүд  харилцан адилгүй хэмжээтэй агуулагдана. Ханасан хүчил  их агуулж байгаа тосны хайлах температур өндөр, хатуу байдаг бол ханаагүй хүчил их агуулж байгаа тос нам температурт  хайлна.  Биед агуулагдах өөх тосыг протоплазмын  ба  нөөц  тос гэж ангилна.

Протоплазмын өөх тосонд эсийн мембран, митохондр, микросом болон эсийн бусад бүтцэд агуулагдах өөх тос орно. Тархи, өндгөвч, төмсөгний эсүүд өөх тосоор баялаг.

Нөөц өөх арьсны доорх эслэг, сэмж, бөөрний өөх хэлбэрээр биед хадгалагдан энергийн нөөц болно. Нөөц өөхний хэмжээ цаг улирал, тэжээлийн нөхцөл, амьтны зүйлийн онцлогоос хамааран өөр өөр байна. Тэжээлд агуулагдах энергит материал нь биеийн энергийн хэрэгцээнээс давж байгаа тохиолдолд тэр нь нөөц өөх тос хэлбэрээр биед хадгалагдана.

Өөх тос нь биед дараах үндсэн үүргүүдийг гүйцэтгэнэ.

  • өөх тос нь бие махбодыг бүтээгч нэг үндсэн материал болно.  Өөх тос нь эсийн мембраны бүтцийн нэг гол хэсэг болно. Эсийн мембраны бүтцэд агуулагдах ханасан ба ханаагүй тосны хүчлийн хэмжээнээс бодис солилцооны эрчим нилээд  хамааралтай  байна.

Хэрвээ  эсийн мембраны бүтцийн ихэнх нь ханаагүй өөхний хүчил байвал бодис солилцооны  эрчим нэмэгдэх бөгөөд энэ нь хөгшрөлтийг сааруулах хүчин зүйл болж байдаг. Мөн эсийн бүтцийн бусад  элементүүдийн   найрлаганд  өөх тос  оролцоно.

  • Өөх энергийн нэг игол эх сурвалж болно. 1грамм өөх задрахад   9.3 килокалори энерги ялгарна.
  • Биеийн усны хэрэгцээг  хангахад дотоодын ус болон ашиглагдана. 1грамм уураг исэлдэхэд   0.41мл,

1грамм  нүүрс ус исэлдэхэд   0.55мл,

1грамм өөх исэлдэхэд 1.07мл ус үүсгэдэг.

  • Тосонд уусдаг   А,  Д,  Е,  К  витаминуудын   уусгагч  болно.
  • Дулаан  тусгаарлагчийн  үүрэг  гүйцэтгэнэ. Өөх  тос  дулааныг муу дамжуулдаг учраас дулаан алдалтыг багасгана.
  • Өөхний эд нь уян харимхай чанар сайтай учраас эд эрхтнийг  механик үйлчлэлээс хамгаална.
  • Шувууны арьсны тос,  хонины зунгагны бүтцийн гол хэсэг болно.
  • Простогландин,  стериод дааврууд, холин зэрэг зарим биологийн идэвхт бодисуудын бүтцийн гол хэсгийг бүрдүүлнэ.

Үүний зэрэгцээ өөх нь нүүрс ус ба уурагтай нэгдэж липопротейд, гликопротейд, фосфолипид хэлбэрээр байх ба эдгээрийн  үүрэг нь янз бүр байна.

Эд дэх өөхний солилцоо 

Ходоодонд сүүний тослог зонхилон задрах бөгөөд нарийн  гэдсэнд орсон өөх тос  цөс,  нойр булчирхай  болон  гэдэсний шүүрлийн нөлөөгөөр задрана.  Липаза ферментийн нөлөөгөөр гэдсэнд глицерин ба өөхний хүчил болтлоо задрах ба өөхний хүчил нь цөстэй нэгдэн гэдэсний цэлмэнгээр нэвтрэн гэдэсний хананд орно. Түүнчлэн зарим хэсэг нь нарийн дисперс үүсгэн задралгүйгээр шимэгддэг.  Шимэгдэн  орсны дараа гэдэсний ханын эсэд глицерин, өөхний хүчил, моно, ди болон триглицерид, фосфолипид, холестерины эфир зэрэг нэгдлүүд үүснэ. Шимэгдэн орсон өөхний хүчил  ба глицериний ихэнх хэсэг нь (70%) гэдэсний ханын эсэд нийлэгжин  триглицерид болж, бага хэмжээний уурагтай нэгдэн липопротейдын нэг хэлбэр хиломикроныг  үүсгэнэ. Түүнчлэн бусад хэлбэрийн липопротейдууд бага хэмжээгээр үүснэ.

Липопротейдыг найрлагандаа агуулагдах триглицерид, холестерин,  фосфолипид ба уургийн хэмжээнээс хамааран  пребета-липопротейд буюу маш бага нягттай липопротейд (МБНЛП)  , бага нягттай липопротейд  (БНЛП) , а-липопротейд буюу их нягтай липопротейд (ИНЛП)  гэж ангилна.

Үүний дараа тунгалгийн судсанд орж , тэндээсээ цусны эргэлтэнд орно.  Өөх  тосны  бусад нэгдлүүд зонхилон цусны судсанд орно.

Цусанд   липопротейдлипаза   ферментийн нөлөөгөөр хиломикрон ба липопротейдууд хэсэглэгдэн  жижиг хэсгүүд болж задарна.  Өөх тосны нэгдлүүд цусанд ороод  уушиг, элэг, болон захын эрхтнүүдэд зөөвөрлөгдөнө.

Уушгинд тосыг нэгдүүлэх чадвар бүхий гистиодын эсүүд байдаг. Эдгээр эс цусанд байх хэмжээнээс илүүдэл тосыг хаман авч саатуулна.  Ийнхүү уушиг нь артерийн судсанд тос их орохоос сэргийлж байдаг.  Уушгинд тос зөвхөн саатах бус задрал явагдана.   Энд суларсан тосны хүчлийн зарим нь исэлдэн  үүний дүнд үүссэн энерги уушгинд орсон хүйтэн агаарыг бүлээцүүлэхэд ашиглагдана.  Уушгинаас цусанд орж байгаа хиломикроны  зарим хэсэг цусны хялгасан судасны ханаар нэвчин  өөхний эдэд орж хадгалагдах ба зарим нь элгэнд очиж уурагтай нэгдэн липопротейдыг үүсгэнэ.

Энергийн солилцоонд ороогүй тосны хүчил элгэнд очиж глицеринтэй нэгдэн триглицеридийг  үүсгэнэ.  Биед өөх исэлдэхэд  эцсийн бүтээгдэхүүн нүүрсхүчлийн хий ба ус   үүсэх   бөгөөд   үүний   зэрэгцээ  зарим завсрын бүтээгдэхүүн үүснэ.  Ялангуяа тосны хүчлийн дутуу исэлдсэн кетонт бие үүсдэг. Үүнд:  ацетат цууны хүчил,  бета-окси тосны хүчил,  ацетон ордог.  Кетонт бие зонхилон  элгэнд үүснэ.   Өөхний солилцооны үед кетонт биеийн хэмжээ нэмэгддэг.

Амьтны биеийн өөх тос нь ургамлын өөх тосноос бүтцийн хувьд ялгаатай байна.   Амьтны өөх тос нь ханасан өөхний хүчлүүдийг (пальмитиний, стеарины,  лаурины,  миристиний)  их хэмжээгээр агуулна.  Амьтныг удаан хугацаагаар нэг  тэжээлээр  тэжээхэд тэр ургамлын найрлаганд байх өөх тостой биеийн өөх тосны бүтэц нилээд ойролцоо болдог. Амьтны өөхний триглицерид нь бодис солилцооны идэвх ихтэй нэгдэл юм. Биед энерги дутагдахад өөхний задрал явагдаж өөхний хүчлүүд альбумины цогц  (эфиржээгүй өөхний хүчлүүд ) хэлбэрээр элэг, сүүний булчирхай болон захын эрхтнүүдэд зөөвөрлөгдөн очно.

Эдгээр эрхтэнд     бета-исэлдэлтэд орох буюу бусад зорилгоор (тухайлбал дэлэнгийн хөгжилд  ) ашиглагдана.

Амьтны өөхний эдээс гадна зарим  амьтдын биеийн урд хэсгээр зонхилон “бор өөх “ гэж нэрлэгддэг  өвөрмөц өөхөн эд байдаг.  Бор өөхний эс нь олон тооны митохондритой.  Хүчилтөрөгчийг эрчимтэй ашиглаж их хэмжээний дулаан ялгөруулна.  Энэ нь нялх төлд болон хүйтний улиралд зарим амьтан дулааны алдагдлаа нөхөхөд   чухал үүрэгтэй.

Хивэгчдийн өөхний солилцооны онцлог

Хивэгчдийн угтвар ходоодонд өөх тосны задрал, ниилэгжилт    бусад амьтадтай харьцуулахад өвөрмөц хэлбэрээр гүзээний бичил биетнүүдийн ферментийн оролцоотой боловсорч эхэлдэг.  Гүзээнд тос задлагч бактерийн үйлчлэлээр задарч моноглицерид, өөхний хүчил,  глицерин ба галактозыг үүсгэнэ. Глицерин ба галактоз цааш  эсэж өөхний дэгдэмхий  хүчлүүдийг үүсгэнэ.  Ихэнх нь пропионы хүчил үүсэхэд ашиглагдана. Гүзээнд өөхний задралын дүнд үүссэн ханаагүй өөхний хүчлүүд гидрогенезид орох замаар аажмаар ихэнх нь ханасан өөхний хүчлүүд (пальматины ба ихэнх нь стеарины)  болж цусанд шимэгдэн амьтны өөхний нийлэгжилтэд ашиглагдана.

Түүнчлэн   дунд зэргийн молекулт өөхний хүчлийн зарим хэсэг нь бичил биетний өөх нийлэгжилтэд оролцоно.  Боловсроогүй үлдсэн болон бичил биетэнд ашиглагдаагүй өөх тосны хэсгүүд  жинхэнэ ходоод ба гэдсэнд шилжиж тэнд ялгарах ферментүүдийн нөлөөгөөр боловсроно. Дунд зэргийн молекулт өөхний хүчлүүд угтвар ходоод болон гэдэсний ханаар шимэгшдэн цааш цусанд орно.  Өндөр молекулт өөхний хүчлүүд, моно ба ди глицерид гэдэсний ханаар шимэгдэн орсны дараа гэдэсний ханын хучуур эсэд уурагтай нэгдэж хиломикрон ба бага нягтралтай липопротейд хэлбэртэй болж тунгалагт  орж  тэндээсээ цусанд орно.    Угтвар ходоодонд үүссэн өөхний дэгдэмхий хүчлүүд (цууны ба тосны )  хивэгчдийн энергийн солилцоонд ихээхэн чухал үүрэгтэй.

Цууны хүчил нь өөхний задрах ба нийлэгжихэд үйлийг тэнцвэржүүлэхэд чухал үүрэгтэй. Өөхний ба дэлэнгийн эдэд дээд тосны хүчлүүд нийлэгжихэд цууны  хүчил гол урьдал бодис болохын зэрэгцээ бүх эсэд хүргэгдэн исэлдэнэ.  Тосны хүчил угтвар ходоодны хананд болон элгэнд кетонт бие ( зонхилон бета-оксибутират)  болохын зэрэгцээ өөхний хүчил нийлэгжих ба исэлдэхэд ашиглагдана.  Хивэгчдийн цусны өөх тосны ихэнх нь (70гаруй % нь )  фосфолипид, холестерин, байх ба үлдсэн хэсгийг триглицерид, өөхний дэгдэмхий хүчлүүд болон   эфиржээгүй өөхний хүчлүүд   эзэлнэ.   Триглицеридийн ихэнх нь   а-липопротейд хэлбэртэй.  Хивэгч амьтан тэжээл  идсэний дараа  түүний цусанд өөхний дэгдэмхий хүчлүүд ба кетонт биеийн хэмжээ ихсэж эфиржээгүй өөхний хүчлүүдийн хэмжээ  буурна.

Нэг тасалгаат ходоодтой амьтадтай харьцуулбал хивэгчдэд элэг   ба өөөхний эд нь өөхний солилцоонд тус тусдаа тодорхой үүргүүдийг гүйцэтгэдэг байна.  Хивэгчдийн өөхний эдэд өөх нийлэгжих,  задрах,  хувирах  үйлүүд зонхилон явагддаг бол элэг нь нүүрс ус нийлэгжүүлэх үүргийг зонхилон гүйцэтгэдэг байна.    Өөрөөр хэлбэл   хивэгчдэд энергийн гол нөөц материал хоёр өөр эрхтэнд өөр өөр нүүрс ус агуулсан нэгдлийг ашиглан  үүсдэг  ажээ.

Элгэнд явагдах глюконеогенезэд  лизинээс бусад бүх аминхүчлүүд ямар нэг хэмжээгээр ашиглагддаг.  Сүүний чиглэлийн үнээнд өдөрт сүүтэй хамт 1-1,5кг хүртэл сүүний тослог гадагшилдаг учраас өөхний эдэд нийлэгжих,  хуримтлах үйл нь харьцангуй хязгаарлагдмалбайдаг.  Ийм учраас биед орсон өөх тосны урьдал нэгдлүүд нь өөхний эдэд ба сүүний булчирхайд хувиарлагдах нь цусанд агуулагдах инсулин ба глюкагон дааврын нөлөөгөөр зохицуулагдана.  Өсөлтийн даавар, адреналин ба глюкокортикоидууд хивэгчдийн өөхний солилцооны зохицуулгад нөлөөлдөг.  Гэхдээ еронхийд нь аваад үзвэл бусад амьтадтай  харьцуулахад хивэгчдийн өөхний солилцоонд нөлөөлөх дааврын зохицуулга харьцангуй сул  илэрнэ.

Өөхний солилцооны зохицуулга

Өөхний солилцооны төв нь гипоталамуст байрлана. Өөхний солилцоо  ургал мэдрэл болон дотоод шүүрлийн булчирхайн үйл ажилгаагаар зохицуулагдана.   Симпатик мэдрэлийн нөлөөгөөр  өөхний задрал эрчимжиж, парасимпатик мэдрэлийн нөлөөгөөөр өөхний нийлэгжилт эрчимжинэ. Мэдрэлийн тогтолцооны үйл ажилгааны нөлөөгөөр өнчин тархины дааврын ялгаралт өөрчлөгдөн улмаар   бамбай, нойр булчирхай, бөөрний дээд ба бэлгийн булчирхайн дааврууд өөхний солилцоог зохицуулна.  Цусанд агуулагдах глюкозын агууламжаас  өөхний нийлэгжих ба задрах үйл нилээд хамааралтай.  Цусанд глюкозын хэмжээ ихсэхэд   өөхний задрал багасаж,  багасвал өөхний задрал  эрчимжиж байдаг.

Учир нь цусанд глюкозын хэмжээ буурахад инсулины ялгаралт багасаж, бамбай булчирхайн тироксин ба бөөрний дээд булчирхайн адреналин, норадреналин, нойр булчирхайн глюкагон зэрэг даавруудын ялгаралт нэмэгдэн гликоген эрчимтэй задран түүний нөөц багаснаар нөөц өөх дайчлагдан задарч эхэлнэ.    Харин цусанд глюкозын хэмжээ нэмэгдэхэд инсулин дааврын ялгаралт эрчимжиж түүний нөлөөгөөр гликогений нийлэгжилт эрчимжих ба нүүрс ус өөхний эдэд өөх болон хувирна.   Инсулин өөхний эдийн гадаргуугийн авууруудтай холбогдсоноор адреналины үйлдэл багасч липаза ферментийн идэвх буурна. Өсөлтийн дааврын нөлөөгөөртосны хүчлийн исэлдэлт эрчимжих ба энэхүү энерги уургийн нийлэгжилтэнд ашиглагдан биеийн өсөлт хурдасдаг.  Өөрөөр хэлбэл    өсөлтийн даавар өөхний зарцуулалтыг нэмэгдүүлж уургийн зарцуулалтыг багасгана.    Эдгээр даавруупын нийлэгжилт, шүүрэлт нь өнчин тархины урд хэлтэрийн даавруудаар дамжин зохицуулагдана.

Номзүй

  1. С.Ганбат   “Гэрийн   амьтдын   физиологи”   хуудас    (217-220)
  2. Д.Пүрэв      Н.Цэвэгсүрэн        “Биохими”      хуудас       (341-342)


Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s