Анаксимандр (МЭӨ 610-546)

Фалесийг бид Барууны хамгийн анхны гүн ухаантан хэмээдэг билээ. Анаксимандр харин гүн ухаантан төдийгүй хамгийн анхны метафизикч байлаа. Фалес магад залуу Анаксимандртай уулзсан байх ёстой.

Анаксимандр ойролцоогоор М.Э.Ө 610 онд Милет хотноо мэндэлсэн. Материалист үзэл хандлагаараа алдартай Милетийн сургуулийнхний нэг. Милетийнхэн далайн аялалд гарамгай улс байсны адил Анаксимандр ч олон газраар аялсан байх талтай. Тэр үеийн гүн ухаантнууд улс төртэй холбогдох хэрэг гардаг байж таараа – Анаксимандр Ионы эргийн Апполоний колонийн захирагчаар томилогдож байв.

Анаксимандрын амьдралын тухайд гэвэл бид тун багыг мэднэ. Түүний үзэл санаа бусдын бүтээл дээрээс л бидэнд өвлөгдөн ирж. ”Байгалийн тухайд” ном нь Барууны ертөнцийн анхны гүн ухааны бүтээл байж болох. Бидний үеийг хүртэл Анаксимандрын өөрийн гараар бичсэн гэгдэх хоёрхон өгүүлбэр шүлэг өвлөгдөн ирсэн юм.

 

Бүх юмс эхлэлтэй байдгийн адилаар

Тэр бүхэн устаж үгүй болно. энэ бол ертөнцийн эмх цэгц.

 

Эмх цэгцийн дагуу нэг зүйлд өгөх шийтгэлийг нөгөөгийн дараа гүйцэтгэнэ

Гэмт хэргийн шийтгэлтэй эгээ адилаар

Гүйцэтгэлийг цаг хугацааны хууль тогтоомжинд тааруулж үйлдэнэ.*

* Анаксимандр утга зохиолоо шүлгийн хэлбэрээр бичдэг байсан дээр тулгуурлан ийн сийрүүлэв.

Энэхүү 2 хэсэгхэн бичвэр Барууны гүн ухаанд тун их алдартай, их ч олон хэлэлцэгджээ. Энэ үгсийг МЭ 6-р зууны Византийн гүн ухаантан Сицилийн Симплиций шууд эш татсан байдаг. Сонирхолтой нь Платоны үед Анаксимандр Грек нутагтаа ор тас мартагдсан байжээ. Гагцхүү Аристотель нар түүний үзэл санааг дахин хэлэлцэж эхэлсэн нь азтай хэрэг.

Анаксимандр аянга, цахилгаан мэтийн байгалийн үзэгдлийг бурхдын нөлөөнөөс хамааралгүй байх ёстой гэж үзжээ. Тэр үедээ бол зоримог шийдвэр. Тэрээр аянгыг үүл хоорондын харшилтаас үүсдэг бөгөөд гарах дууны чанга сул нь харшилттай шууд хамааралтай гэж үзэж. Цахилгаан цахихгүй дан ганц аянга нүргэлэх нь оч манаруулах хэмжээнд хүрэхгүй сул харшилдаан болж таарах юм.

Одон орон, космологи

Анаксимандр дэлхий дахины үзэгдлийг тодорхойлоод зогсохгүй од эрхсийн тухай тайлбарлах гэж оролджээ. Анаксимандрын гаргаж ирсэн нээлттэй ертөнцийн дүр зураг нь урьд урьдийн үзэл санаанаас ялгаатай. Тэрээр таамгийн астрономын талбарт анхдагч билээ.

Анаксимандрын гаргаж ирсэн гурван том санаа нь энэ:

  1. Од эрхэс дэлхийг урдуур нь, мөн араар бүтэн эргэж тойрдог
  2. Дэлхий огторгуйд ямар нэг хүчний тусламжгүйгээр оршин байдаг
  3. Од эрхэс бие биенээсээ хол хол тодорхой зайд оршино.

Анаксимандр нар, сар, оддыг бүтэн тойрог хийн эргэдэг гэж анх удаа хэлсэн сэтгэгч. Тэрээр цэвэр ажиглалт дээр тулгуурлан энэ таамгийг гаргасан нь илт. Мөн дэлхийг анх удаа ямар нэг юман дээр тогдоггүй, сансар огторгуйд ямар ч зүйлийн тусламжгүй оршин байдаг гэж үзжээ. Түүний дэлхий ямар нэг Атласын нуруун дээр тогтохгүй, ямар нэг далай дээр хөвөх ёсгүй байлаа.

Анаксимандрын хувьд дэлхий дугариг атлаа цилиндр хэлбэртэй ажээ. Өөрөөр бол дэлхий намхан бөмбөртэй төстэй аж. Анаксимандр өөрийн цилиндр хэлбэрт дэлхийн газрын зургийг гаргасан байдаг.

Хамгийн сонирхолтой нь Анаксимандр сар, нарнаас одод дэлхийд илүү ойр байдаг гэж үзсэнд байгаа юм. Анаксимандр оддын хөдөлгөөнийг ажихдаа сарны цаагуур одод орохыг ажигласан байх учиртай. Гэвч Анаксимандр ийм шийдэд хүрсэн нь магад сарны хүчтэй гэрэл оддын сул гэрлийг дардаг учраас од сарны урдуур өнгөрөхдөө харагдахгүй мэт болдог гэж үзсэн байх талтай.

Анаксимандрын энэхүү үзэл тухайн үеийн Грект гарсан гэхэд тун сонирхолтой ойлголт байлаа. Тиймээс ч Анаксимандрын ертөнцийг үзэх үзэлд тухайн үеийн ойрхи дорнодын гүн ухааны үзэл нөлөөлсөн гэлцдэг. Ямартай ч Анаксимандрын үе нь Тэнхлэгийн эрин буюу Энэтхэг болон Перс, бусад ойрхи дорнодын орнуудад гарсан хувьсгалт санал сэдлүүдийн эрин байжээ. “Хувьсгалт” хэмээх орчин үеийн нэршлийг хэрэглэсний учир юу гэвээс энэхүү шинэ төрлийн үзэл санаанд бүх үзэгдлийг Бурхадтай холбох санааг үгүйсгэсэн байдаг ажээ.

Нар, сар, од эрхэс ямар учиг шалтгаантай тойрог хөдөлгөөн хийдэг эсэхийг тайлбарлахдаа Анаксимандр галт эргүүлгийн санааг гаргаж ирсэн байдаг. Энэх галт эргүүлэг дээрх жижиг цоорхойнууд нь одод болон гялалзана. Нар сарны галт эргүүлэг нь харин тус тус цор ганц цоорхойтой ажээ. Нарны галт эргүүлгийн цоорхой хаагдах үеэр нарны хиртэлт болох учиртай.

Анаксимандр дэлхийгээс одод хүрэх зайг 9 нэгжээр тооцсон байдаг. Нэг нэгж нь Дэлхийн диаметр юм. Яагаад заавал 9 гэж? Үүний учир Хесиод болон Хомерийн туульстай холбоотой байх талтай. Трой хот 9 жил тэмцсэний эцэст 10 дахь жилдээ Грекчүүдэд бууж өгдөг. Одиссей 9 жил энэ тэрүүгээр явсны эцэст 10 дахь жилдээ гэртээ эргэж ирдэг. Тиймээс 9-ийн тоо нь маш урт удаан буюу их холыг илтгэдэг байжээ. Сар дэлхийгээс 18 нэгж зайд, нар 27 нэгж зайд оршино.

Апейрон

Анаксимандрын гаргаж ирсэн хамгийн чухал ойлголт бол Апейрон буюу “Хязгааргүй” хэмээх ойлголт юм. Өмнө нь Фалес “архэ” буюу бүхний үүсэл болсон элементийг ус гэж үзсэн байдаг. Гэвч Анаксимандр ус, агаар, гал, шорооны алийг ч бүгдийн эхлэл гэж үзээгүй аж. Энэхүү элементүүд үүсэх нөхцөл нь “хязгааргүй” байх ёстой бөгөөд бүгдийн эхлэл болж таарах юм. “Хязгааргүй”-г л тодорхойлох боломжгүй мөн “Хязгааргүй” нь ямар нэг шинж чанаргүй.

Апейрон ямар нэг эхлэлгүй учир өөрөө эхлэл болох юм. Апейрон ямар ч зүйлээс үүсч бий болоогүй. Энэ нь эхлэлгүйгээс гадна хэзээ ч дуусашгүй, усташгүй, үүрд мөнх. Тиймээс ч апейрон бүгдийн эхлэл, бүгдийг агуулж байх ёстой. Үүрд мөнх зүйлс тэр дороо бурханлиг байдлыг илтгэх ёстой болдог. Гэвч Апейрон бол бурхан биш, зөвхөн бүгдийн эхлэл, дуусашгүй ундарга.

Пифагорчууд “хязгааргүй”-г сөрөг зүйлст оруулж үздэг байсан бол Аристотель төгс зүйлсийг хязгаартай холбож үздэг байв. Тиймээс Аристотелийн хувьд “хязгааргүй” нь төгс бус зүйл байж таарна.

Үүрдийн энэхүү “хязгааргүй” дунд халуун хүйтнээр үр тогтсон биет болох дэлхий үүссэн байна. Түүнийг тойрон галт бүрхүүл оршин тогтнож байсан бөгөөд аажмаар галт эргүүлгүүд болон хувирчээ. Энэ галт эргүүлгүүд нар, сар, оддыг үүсгэжээ. Энэхүү ертөнцийн үүслийн талаарх үзэл санаа нь хожмын Кант-Лапласын таамгийн урьдач болсон гэлтэй.

Биологи

Анаксимандр биологийн талбарт ч онцгой санаа оноогоо илэрхийлээд авчээ. Түүний амьдралын үүслийн тухай үзэл нь эволюцийн үзэл санааг зөгнөснөөрөө гайхалтай. Анаксимандр хүн болон амьтдыг бүгд загаснаас үүссэн гэж үзжээ.

Эрт дээр цагт дэлхий тэр чигтээ усаар хучигдсан байжээ. Тэрхүү их далайд орших загас бүх амьтдын эх болох ёстой аж. Ус аажмаар нарны нөлөөн дор ууршсаар эх газар бий болно. Газар дээр гарсан загаснууд хагарч дотроос нь эр эм хүмүүс, эр эм амьтад гарчээ. Дэлхийн ус хойшид ч ширгэсээр байх ёстой.

Дүгнэлт

Бусад хүмүүсийн эш татсан Анаксимандрын үзэл санааны үлдэгдлүүд, хэсэгчилсэн материалуудыг нэгтгэн дүгнэх боломжгүй юм. Түүний оюун санааны илрэл эгээ л өөрийнх нь нэрийг сийлсэн, дутуу дулимаг баримал адил үлдэх юм.

Гэсэн ч бидний мэдэх зүйлсээс бол Анаксимандр нь маргаангүй Барууны хамгийн сод сэтгэгчдийн нэг байжээ. “Хязгааргүй”-н тухай ойлголтыг гаргаж ирснээрээ тэр анхны метафизикч болно. Газрын зургийг анх зурснаараа анхны газарзүйч болно. Гэхдээ юу юунаас илүүтэй ертөнцийн талаарх өвөрмөц бодролыг гаргаж ирснээрээ космологийн эцэг гэгдэх учиртай бөгөөд Баруун дахь астрономийн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг юм.

Advertisements

One thought on “Анаксимандр (МЭӨ 610-546)

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s