Фалес (МЭӨ 620-546)

Фалес – энэ хүнийг бид бүхэн барууны философийн эцэг хэмээн нэрийддэг билээ. Байгалийн шинжлэх ухааныг ч мөн Фалесаас эхтэй гэдэг. Учир нь түүнээс өмнөх улс байгалийн элдэв үзэгдлийг ямар нэг бурхан тэнгэрүүдтэй холбож тайлбарлахыг мэрийдэг байсан бол Фалес илүү бодит емпирик талаас нь тайлбарлахыг хичээжээ. Түүний олон арван санаа нь урьд хожид байгаагүй цоо шинэ санаанууд байсан юм. Түүнийг Египет, Грекийн зарим эх сурвалжаас санаа авч хөгжүүлсэн гэдэг нь үнэний ор муутай билээ. Ямартай ч ихэнх шинэ ололтоо Фалес “Би анх сэдэж сэтгэсэн юм” гэж бардам хэлэх байсан болов уу.

Фалес ойролцоогоор МЭӨ 620 Ион буюу орчин цагийн Туркийн баруун хэсэг дэх Милет хотод төржээ. Сократаас өмнөх философичид дундаа Ионын философичид анхдагчид, мөн хамгийн хүчирхэгүүд нь байсан гэхэд хилсдэхгүй. Фалес өөрийн гараар зохиол бүтээл туурвисан л байж таараа. Аристотель “Фалес хэлэхдээ” гэж өөрийн зохиолдоо бичсэн байдгаас энэ нь илт болно. Харамсалтай нь бидэнд Фалесийн ямар нэгэн зохиол өвлөгдөн ирээгүй билээ.

Фалесийн гүн ухаанд оруулж ирсэн магадгүй хамгийн чухал ойлголтуудын нэг нь гэвэл “Ертөнцийн бүх юмсын үүсэл уснаас эхтэй” гэдэг нь юм. Өөрөөр хэлбэл ертөнцийг үүсгэх тэрхүү “зүйл” буюу бүгдийн эхлэл архей (archê) нь Фалесийн хувьд ус байлаа.

“Ус бол бүхний эх. Бүх амьд амьтдын шим тэжээлд ус ордог. Уснаас дулаан үүдэлтэй.” Энэ бол Аристотелийн Фалесийн энэхүү усыг бүхний эх гэсэн үзлийг тайлбарлан бичсэн үгс. Аристотель магад Фалес ингэж л бодсон байж таарна хэмээн энэ мөрүүдийг бичсэн байж болох юм. Мөн эклектик философич Аэций (Ἀέτιος) нэгэнтээ “Фалес дэлхий ертөнцийг тэтгэгч гал хүртэл усны ууршилтаар тэтгэгдэж байдаг гэж үзсэн” хэмээжээ. Фалес усыг ууршдагийг, энгийн метал хайлуулах явцад метал шингэн байдалд ордогийг, олон амьд амьтад, ургамал уснаас тэжээгддэгийг, бас устай орчинд маш жижиг шавж амьтад аяндаа үүсдэгийг ажигласан нь лавтай. Тиймээс юм бүгд эргэж өөрийн эх үүсвэр лүүгээ хувирч чаддаг учраас ус л бүхний эх байхаас зайлахгүй гэсэн гаргалгаанд хүрсэн байж таарна.

Үнэхээр энэхүү ус бүхний эх гэсэн үзэл тэр чигтээ няцаагдах хүртэл МЭ 1769 он хүрсэн гэдэг. Өөрөөр хэлбэл энэ онд Францын химич Антуан Лавуазье газар шороо уснаас үүсдэггүйг баталсан юм. Фалесийн үед болон түүнээс хойшхи үеийнхний бат итгэдэг байсан шавж амьтад аяндаа чийгтэй орчиноос үүсэх үзлийг дөнгөж 19-р зуунд л Луй Пастер өөрийн туршилтаар няцааж чадсан юм.

Фалесд сонирхохгүй зүйл гэж тун ховор байлаа. Тэр гүн ухаан, шинжлэх ухаан, инженерчлэл, түүх судлал, газарзүй гэх мэт. Эртний суут гүн ухаантнуудын амьдралын намтар түүхийг бичигч Грекийн түүхч Лаэртийн Диоген “Бид бүгд ямар нэг хэлэлцүүлэг өрнүүлэх аваас Фалесаас иш татаж л таарна” хэмээсэн байдаг.

Advertisements

One thought on “Фалес (МЭӨ 620-546)

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s