Yogurt and berries

Тараг – судлагдсан байдал, тараг бүрэх

Монгол тараг нь манай оронд өргөн тархсан түгээмэл цагаан идээ юм. Монгол таргийн хөрөнгийн микрофлор, амт чанар дэлхийд нэрд гарсан болгарын тарагтай ихээхэн ойролцоо гэж үздэг. Болгар маягийн таргийг Балканы хойгийн орнууд, Кавказын улс үндэстэн хэрэглэдэг. Балканы хойг дээр оршин сууж байсан Слав үндэстэн энэ цагаан идээг тэнд нүүдэллэн очсон нүүдэлчин аймгуудаас уламжлан авсан гэдэг.

Аливаа тараг хүний хоол боловсруулах эрхтний ажиллагаанд сайн нөлөө үзүүлдгийг хүн эртнээс ажиглаж мэдсэн байна. Оросын эрдэмтэн И.И.Мечников 20–р зууны эхээр хийсэн судалгаандаа Кавказ болон Балканы орнуудад оршин суугчдын дунд өндөр настан олон байдаг онцлогийг хонины таргийг их хэмжээгээр хэрэглэдэг явдалтай холбон үзэж таргийн хөрөнгөнд оролцогч сүүн хүчлийн бактерийн үйл ажиллагаагаар тайлбарласан билээ. И.И.Мечников хүний бие махбод цаг бусаар хөгшрөх, өтлөх явдал бүдүүн гэдсэн дэх ялзруулагч бактерийн гаргадаг хорт бодисын нөлөө, хордлогоос болдог гэсэн дүгнэлт хийжээ. Ялзруулагч бактери нь хоол тэжээлийн зүйл, ялангуяа махыг задалж фенол, индол, скатол мэтийн хорт бодис гаргадаг бөгөөд тэр нь бүдүүн гэдэсний ханаар цусанд шимэгдэн орж бие махбодыг аажмаар хордуулдаг гэж И.И.Мечников тогтоосон байна.

Тарагт байдаг сүү хүчлийн микрофлор нь ялзруулагч бактерийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй, тэдгээрийн ялгаруулсан хорт бодисыг задалж саармагжуулдаг байна. Таргийн хөрөнгийн гол бүтээгдэхүүн болох сүүн хүчлийн бактер нь зөвхөн ялзруулагч бактери төдийгүй бас гэдэсний хижиг, цусан  суулга мэтийн аюулт халдварт өвчнийг үүсгэгч гэдэс иж балнадын бүлэг бактерийн өсөлт үржилтийг зогсоодог болох нь нотлогдсон байна.

Сүүлийн үеийн судалгаагаар хүний гэдсэнд булгарикум амьдарч чаддаггүй, харин ацидофилум хэмээх нэгэн зүйл сүүн хүчлийн савханцар байдгийг нотолжээ. Гэвч зарим эрдэмтэд энэ хоёр савханцар нь өөр өөр зүйлийн бактер биш, нэг нь гэдэсний орчинд, нөгөө нь сүү цагаан идээнд зохилдсон нэг савханцрын хоёр хувилбар гэж  үзэж байгаа юм. Ацидофилумыг хүн, малын гэдэснээс анх ялгаж авсан бөгөөд гэдэсний орчин нөхцөлд зохилдсон бактер юм. 1919 онд Войткевич энэхүү бактериар бэлтгэсэн бэлдэц нялх төл, хүүхдийн гэдэс ходоодны зарим өвчнийг эмчлэх, тэжээхэд сайн нөлөө үзүүлдэг болохыг тодорхойлсон байна.

Сүүн хүчлийн бактерийн зарим штам никозин гэдэг антибиотик ялгаруулдаг бөгөөд энэхүү антибиотик нь сүрьеэ, дифтери, уушигны хатгалга, дэлэнгийн үрэвсэл үүсгэгчдийн эсрэг үйлчилгээтэй болох нь тогтоогдсон юм. Түүнээс гадна сүүн хүчлийн бактериуд витамин лактофламин, витамин аневрин нийлэгжүүлж, цагаан идээг баяжуулдаг ажээ. Өдөрт 0.5л тараг хэрэглэвэл дээрх витамины хоногийн хэрэгцээг бүрэн хангаж чадна.

Болгарт таргийг бөөрний өвчинд сайн гэж үздэг байна. Бөөрний үрэвсэлтэй хүн тараг хэрэглэхэд богино хугацааны дотор шээсэнд байх эфир, хүхрийн хүчлийн хэмжээ буурдаг бөгөөд энэ нь ялзрах процессийн үр дүнд бий болдог индол, фенол, скатолын хэмжээ багасч байгааг гэрчилнэ. Таргийг хүнс, сувилал, эмчилгээнд хэрэглэх явдал гэдэсний өвчнөөс сэргийлэх, эмчлэх чухал ач холбогдолтой болох нь түүнийг исгэгч сүүн хүчлийн бактериуд, өвчин үүсгэгч зарим микробын эсрэг антибиотик бодис гаргадаг, антагонист үйлчилгээтэй байдгаар нотлогдож байна. И.И. Мечниковын дээрх судалгаа, дүгнэлт нь эрдэмтэн олон нийтийн сонирхлыг татаж таргийн микрофлорын судалгааг гүнзгийрүүлэн явуулах, энэ цагаан идээг олон улс үндэстэнд дэлгэрч тархах, ялангуяа хүүхдийн хоол хүнс, сувиллын газруудад өргөн хэмжээгээр хэрэглүүлэхэд түлхэц өгсөн байна.

Монгол тарагны микрофлорын гол бүрэлдэхүүн нь L. bulcaricum маягийн савханцар халуунсаг гинжин кокк Str. thermopilus юм. Тарганд янз бүрийн дрожж, мөөгөнцөр тохиолдох боловч тэдгээр нь исэлтэнд төдийлөн холбогдолгүй. Манай малчин айл аж ахуй бүрт таргийн хөрөнгө байдаг. Түүнийг цэврээр хадгалах явдалд ардууд ихээхэн анхаарал тавьдаг байна. Таргийн хөрөнгийг цэвэр саванд хадгалж гаднаас ялзруулагч бактер, хөгц зэрэг бичил биетнээр бохирдохоос хамгаалахыг онц анхаарах хэрэгтэй байдаг.

Таргийг хонь, ямаа, үхэр, сарлагийн сүүгээр бүрдэг. Бог малын сүүний таргийг амт чанарын хувьд нэлээд дээгүүр үнэлдэг байна. Тараг бүрэх сүүний чанарыг харгалзан түүхий сүүний, болсон сүүний, машиндсан сүүний гэж хувааж болох юм.  Түүхий сүүний таргийн тослог 3.2% -иас доошгүй, болсон сүүнийх 1.0-1.3% тослогтой, машиндсан сүүнийх 0.05-0.07% -ийн тослогтой байна.

Гэр ахуйн нөхцөлд тараг бүрэх технологийг дурьдвал сүүг буцалгаад 40-450 хүртэл хөргөж таргийн хөрөнгийг сүүний 5% -ийн хэмжээнд хийж сайтар самарна. Хөрөнгийн идэвхээс тараг 4-8 цагийн дотор бүрэлдэнэ. Элгэн тараг бол жигд, нягт бүрэлдмэгтэй, шар сүү нь  ялгараагүй, хийн бөмбөлөг үүсээгүй, язмагтаагүй байх шаардлагатай. Шинэ таргийн хүчиллэг 1100Т  -аас хэтрэхгүй. Таргийг бүрэлдсэн даруйд хөргөхгүй бол синерезисын үр дүнд шар ус нь ялгарч ээдэм нягтран тунаж тараг сагахад хүрнэ. Ийнхүү сагасан таргийн хүчиллэг 300 Т0 хүртэл нэмэгдэнэ. Тараг бүрэхэд бал, зэвгүй, хүчиллэгт тэсвэртэй сав суулга хэрэглэх нь чухал.

Тараг бүрэхэд тохиолдож болох гажууд шинжүүд гэвэл:

  • Хэт исгэлэн нь хөрөнгийг ихдүүлсэн юмуу бүрсэн даруйд хөргөөгүйгээс болно.
  • Шар сүү ялгарах нь бүрэх сүүний хуурай бодис бага, шингэн байснаас, сайн буцалгаагүй сүүгээр бүрснээс, бүрэлдсэн даруйд сайн хөргөлгүй халуун газар байлгаснаас, мөн хөрөнгө хийгээд олигтой хутгаж самраагүйгээс болно.
  • Бүрэлдмэг сул, элгэн биш байх нь хөрөнгө идэвх муутай байсан, бүрэн температурыг зохих хэмжээгээр барьж чадаагүй, хүйтдүүлснээс болно.
  • Бүрэлдмэг жигд биш байх хийн бөмбөлөг, шар ус бий болох нь хөрөнгө хий үүсгэгч бактер, дрожжоор бохирдсон үед тохиолдоно.
About these ads

Хариу үлдээх

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s